Sunday, October 5, 2014

Электроникийн XVI олимпиадад баримтлах журам

Олимпиадын зорилго:
Электроникийн олимпиад нь электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг сурталчлах зорилгоор зохион байгуулагдах болсон билээ.
1.      Олимпиадад оролцох баг.
1.1.   Олимпиадад электроникийн мэргэжлээр сургалт явуулдаг сургуулиуд оролцоно.

1.2.   Нэг сургуулийн 5 оюутан 1 баг болж оролцох бөгөөд тухайн сургуулиас хэдэн ч баг оролцож болно. Багийн гишүүдээс дор хаяж 1 оюутан 1-2 курсын оюутан байх ёстой.

1.3.   Багийн гишүүн тус бүрт урьдчилан мандат олгосон байна. Багийн гишүүд олимпиадад оролцохдоо оюутны үнэмлэх, иргэний үнэмлэхтэй ирж мандатаа авна.


2.      Олимпиадын явц.
Олимпиадын хүрээнд дараах арга хэмжээ зохиогдоно. Үүнд:
2.1.      Бодлогын тэмцээн
2.2.      Дадлагын тэмцээн
2.3.      Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал

2.1.      Бодлогын тэмцээн.

2.1.1.      Бодлогын тэмцээнээр оролцогчид цахилгаан техникийн 3 бодлого, аналог электроникийн 3 бодлого, тоон электроникийн 3 бодлого нийт 9 бодлого бодож уралдана.

2.1.2.      Сургууль тус бүр цахилгаан техникийн 10 бодлого, аналог электроникийн 10 бодлого, тоон электроникийн 10 бодлого нийт 30 бодлогыг олимпиадын сайтад тавьж санд бүртгүүлнэ. Сан дахь бодлогоос санамсаргүй байдлаар бодлого сонгогдоно. Нэг сургуулиас нэгээс илүү бодлого сонгогдохгүй байх журмыг баримтална.

2.1.3.      Бодлогыг бодох хугацаа 4 цаг байна.

2.1.4.      Багийн гишүүдэд бодлогын өгөгдлийг тамгатай бодолтын цаас, тамгагүй ноорог цаасны хамт өгөх бөгөөд оролцогчид үзэг, харандаанаас гадна санах ойгүй тооны машин ашиглаж болно. Тооны машин дамжуулан хэрэглэхийг хориглоно.

2.1.5.      Бодлогын тэмцээнийг олимпиадыг зохион байгуулагч багш нар эрхлэн явуулна.

2.1.6.      Бодолт эхлэхээс өмнө шүүгчид бодлогын өгөгдлийг тодруулан тайлбарлана. Бодолт эхэлснээс хойш бодлогын өгөгдөлд тодорхойгүй зүйл гараагүй тохиолдолд шүүгчид танхимд орохгүй.

2.1.7.      Бодлогын тэмцээн үргэлжлэх хугацаанд танхимд сургууль тус бүрээс ирсэн хянагч багш нар хяналтын үйл ажиллагаа явуулна.

2.1.8.      Бодлогын тэмцээн дуусахад оролцогч нийт оюутнуудыг шифрлэх бөгөөд үүнийг олимпиадыг зохион байгуулагч сургуулийн зохион байгуулагч багш нар гүйцэтгэж, шифрлэсэн нэрсийг дугтуйд хийж лацдан шүүгчдийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгнө. Шифрлэхдээ суудлын хаанаас эхлэхийг сугалаагаар шийднэ.

2.1.9.      Оролцогчдыг шифрэлсэний дараа зохион байгуулагчид бодлогыг хурааж авах ба түүний бүрэн бүтэн байдлыг шалган шүүгчдийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгнө.

2.1.10.  Бодлогын туршид багийн гишүүд нэмэлт мэдээллийн эх үүсвэр ашиглахыг хориглоно. Үүнд:
·         Гар утас,
·         Лекцийн материал,
·         Ном товхимол,
·         Бусад урьдчилан бэлтгэсэн материал.
2.2.      Дадлагын тэмцээн.

2.2.1.      Дадлагын тэмцээнд  багийн 5 гишүүн дотроо
*   Анхдагч мэдээллийн аналог болон тоон хэлхээ угсарч гагнах,
* Техникийн дүрслэлийн хэл VHDL ашиглан анхдагч мэдээллийг боловсруулах тоон системийн загвар гаргах,
                                    *   Электроникийн симуляцын программ Proteus7.* ашиглан компьютерт системийн анализ хийж, гадаад хэлхээг удирдах гэсэн үндсэн 3 хэсгээс тогтох  /зураг 1/ нийлмэл системийн загвар гаргах ажил гүйцэтгэнэ.



2.2.2.      Даалгавар гүйцэтгэхийн өмнө шүүгчдийн бүрэлдэхүүн даалгаврын өгөгдлийг танилцуулна.

2.2.3.      Багийн гишүүд нэг дор суун дээрх системийг  задлан шинжилж, гишүүн бүр ямар даалгавар гүйцэтгэхээ харилцан ярилцаж, үүргээ хуваарилана. Гэхдээ угсралтын даалгаварыг зөвхөн 1-2-р курсын оюутан гүйцэтгэнэ.

2.2.4.      Даалгаврыг 4 цагийн турш гүйцэтгэнэ. Шаардлагатай гэж үзвэл шүүгч цаг сунгана.

2.2.5.      Хянагч багш нар даалгаврыг гүйцэтгэх явцад хяналт тавьж болно.

2.2.6.      Даалгаврын гүйцэтгэлийг зохион байгуулагч багш нар удирдан явуулах бөгөөд цаг дуусмагц оюутнуудын даалгавар гүйцэтгэлийг зогсоож багийн гишүүдийг ширээнээс  холдуулна.

2.2.7.      Шүүгчид багийн гишүүдийн гүйцэтгэлийг камерийн тусламжтай алсаас шалгана. Энэ үед багийн гишүүд ажиллаж байсан компьютер болон ширээнээс гүйцэтгэлээ танилцуулна. Камерт багийн гишүүдийн царай харагдахгүй.

2.2.8.      Даалгаврыг гүйцэтгэх явцад оюутнуудад зохион байгуулагчдын зүгээс тавьж өгсөн мэдээллийг л ашиглахыг зөвшөөрнө. Гадны нэмэлт мэдээллийг ашиглахыг хориглоно. Үүнд:
·         Гар утас,
·         Flash disk, CD, Floppy disk.
·         Лекцийн материал,
·         Ном товхимол,
·         Бусад урьдчилан бэлтгэсэн материал

2.3.      Оюутны эрдэм шинжилгээний хурал.

2.3.1.      Эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэлийн тоог хязгаарлахгүй.

2.3.2.      Нэг илтгэлийг 10 минутаас илүүгүй хугацаанд тавина.

2.3.3.       Илтгэгчид сэдвийн дагуу Power Point дээр presentation бэлтгэсэн байна.

2.3.4.      Илтгэгчид биет загварыг үзүүлж болно.

2.3.5.      Олимпиадад оролцогч сургууль тус бүрээс постер илтгэл болон бүтээлийг  ирүүлж болно.

2.3.6.      Олимпиадад оролцогч сургууль тус бүрээс ирсэн аман илтгэл болон постер илтгэлүүдийг товхимол болгон хэвлүүлнэ.

3.            Олимпиадын шүүгчдийн үүрэг.

3.1.      Олимпиадад оролцох сургууль тус бүрийг төлөөлөн нэг багш шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцон ажиллана.

3.2.      Шүүгчид нь олимпиадын бодлогын тэмцээнд тавигдах бодлогод сонголт хийх, шинээр зохиох, бодлогын тавилтыг найруулах, бодолтын талаар нэгдсэн дүгнэлтэнд хүрэх үүрэг хүлээнэ.

3.3.      Шүүгчид бодолтыг хамтран шалгаж оноог гаргана. Техникийн зөвлөлгөөнөөр тохирсон протоколын заалтыг мөрдлөг болгон ажиллана.

3.4.      Шүүгчид нь хоорондоо хэлэлцэх замаар олимпиадын дадлагын тэмцээнд тавигдах даалгаврыг шийдвэрлэнэ.

3.5.      Дадлагын тэмцээний даалгаврыг өгөгдлийн дагуу хэрхэн дүгнэхийг хамтран хэлэлцэх замаар шийдвэрлэж, үүний дагуу дүгнэж оноог гаргана.

4.            Хянагч багш нарын үүрэг.

4.1.      Хянагч багш нь мандаттай байх бөгөөд олимпиадыг зохион байгуулах явцад хяналт тавьж, ажиллах үүрэгтэй.

4.2.      Хянагч багш нь тэмцээний явцад оюутнуудтай харилцаж зөвлөлгөө өгөхгүй байх үүрэг хүлээнэ.

5.            Дүгнэх журам.

5.1.      Олимпиадын дүнг 100% гэж үзэх ба бодлого , дадлагын тэмцээний эзлэх хувь 40:60 харьцаатай байна.

5.2.      Бодлогын тэмцээний нэг бодлогыг 5 оноогоор дүгнэх бөгөөд бүх 9 бодлогыг бүрэн бодсон оюутан 45 оноо авна.

5.3.      Бодлогын тэмцээнээс багийн гишүүдийн авсан онооны нийлбэрээр багийн бодлогын тэмцээнээс авах оноог тооцож гаргана. Хэрэв багийн бүх гишүүд бүх бодлогыг бүрэн бодсон бол тухайн баг бодлогын тэмцээнээс 225 оноог авах ба энэ нь нийт онооны 40%-тай дүйцнэ.

5.4.      Дадлагын тэмцээн нь нийт онооны 60%-г эзлэнэ. Дадлагын тэмцээнийг дүгнэхдээ нийлмэл системийн дэд хэсэг тус бүрийн бие даасан болон харилцан хамааралтай ажиллах чадвараар нь үнэлж онооны хуваарилалтыг хэрхэн хийхийг шүүгчид шийдвэрлэж, дадлагын тэмцээн эхлэхэд багуудад танилцуулна.

5.5.      5.4 заалтанд заасан онооны хуваарилалтыг баримтлал болгон шүүгч тус бүр гүйцэтгэлийг дүгнэнэ. Эцэст нь шүүгчид багуудын даалгаврын гүйцэтгэлийг хэлэлцэж, эцсийн оноог гаргана.

5.6.      Бодлогын болон дадлагын тэмцээнүүдийн онооны нийлбэрээр багийн оноог гаргана.

5.7.      Эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд  ивээн тэтгэгч байгууллагуудаас урилгаар ирсэн гишүүд орно.

5.8.      ЭШХ-ын илтгэлийг оюутны бүтээлч байдал, шинэлэг санаа, сэдвийн ач холбогдол, илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр үнэлж дүгнэн ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналын эздийг тодруулна.

5.9.      Оюутны эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн дүн багийн дүнд нөлөөлөхгүй.

6.            Байр эзлүүлэх, шагнах.

6.1.      Бодлогын тэмцээнийг дүгнэн онооны дагуу жагсаан хамгийн өндөр оноо авсан эхний гурван оюутныг хувийн дүнгээр I, II, III байранд шалгаруулна.  

6.2.      Бодлогын болон дадлагын тэмцээний нийлбэр оноогоор багийн оноог тодорхойлж, жагсаан хамгийн өндөр оноо авсан 3 багийг шалгаруулан I, II, III байр эзлүүлнэ.

6.3.      Оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 2 илтгэлд ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал гардуулна.

0 comments:

Post a Comment